ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛООС
Редактор:
Обри Менард
Орчуулагч:
Чингис хаан ард иргэддээ хоёр зүйл бэлэглэсэн.
Тэрээр 1206 онд Их Монгол Улсыг байгуулахын
өмнө буюу 1204 онд монгол овог аймгуудыг бичиг
үсэгтэй болгосон байлаа. Ийнхүү монгол бичиг Их
Монгол Улсаас хоёр жилээр урьтсан юм.
Хэдий ном заах багшгүй өссөн ч бичиг үсэгтэй болсноор шинэ ертөнцийг цогцлоох боломжтойг
Чингис хаан мэдэж байжээ. Харин эдүгээ XXI зууны Монголчуудын дуу хоолой дэлхийд “Орчин үеийн Монголоос илгээв” цоморлогоор дамжин хүрэх гэж байна. Монгол хэл дэлхийн бусад хэлнээс цөөн хэрэглэгчтэй ч эдгээр өгүүллэг, эсээнд Их
Британи, Орос, Австрали, Хятад, Герман, Америк, бүр цаашлаад дэлхийн хаана ч монголоор ойлголцох
хүмүүс олдох аж.
Монгол зохиолчид үндэсний соёлоо хамгаалах
сүүлчийн бэхлэлт болж ирснийг XIX зууны зохиолч Дулдуйтын Данзанравжаа, XX зууны зохиолч
Дашдоржийн Нацагдоржоос өгсүүлэн өнөөгийн яруу найрагчид хүртэлх бүтээлээс харж болно. Гаднын эзлэн түрэмгийллийн үед зохиолчид Монголоо гэх санааг үгэндээ дайж, уншигчдын сэтгэлийг хөглөн, чухамхүү энэ л үгсээрээ улс орноо хамгаалдаг байжээ. Олон зохиолч эх орныхоо төлөө амиа алдсан
ч тэдний бичсэн үгс үлдэж, Монголын ард түмний
сэтгэлийг дэмнэж, эрх чөлөөнд хөтөлсөн.
Заримдаа би Улаанбаатар хотын гудамжаар
алхахдаа чихэвчээр хөгжим сонсож, “утсаараа
тоглож буй” залуусыг хараад бодол санаа, зүрх сэтгэл
нь хаана, юунд төвлөрч байгаа бол гэж боддог. Янз
бүрийн цахим хуудаснаа бичсэн сэтгэгдэл, бодрол, доромжлол, хошигнолыг уншаад монголчуудын
талаарх ойлголтоо лавшруулж чадалгүй гайхширан
хоцорч асан нь энэ бүгдийг эвлүүлсэн том хүүрнэл
үгүйнх бололтой. Учир нь би тэдний ихэнхдээ гал
шиг дүрэлздэг сэтгэл хөдлөлийг мэдрэвч, утга санааг
зураг, үгсийн утга, тэрхүү
чихэвчний эзний сэтгэлгээг илүү сайн ойлгож эхлэв.
Эндээс монголчуудын амьдрахуйн, өгүүлэхүйн
хэмнэлийг сонсож байна. Эдгээр зохиолчдын бүтээл
надад мянга мянган жилийн настай нүүдэлчин
соёлын түлхүүр санаанууд болох орон зай, түүх, хөдөлгөөний ид шидийг мэдрүүлж байна. Уг
өгүүллэгүүдийг хээр талын түүхт Монгол нутагт
тэрлэсэн ч дуу хоолой нь өнгөрсөн үеийнх биш. Харин ч энэ зууны гэмээр цоо шинэ, даацтай бичилтүүд нь уншигч танд хүрэх сэн гэж хашхирнам. Зохиолуудын сэдэв гэвээс хаана ч нийтлэг байх залуу насны мөрөөдөл, хагацал, тэмүүлэл, гэр бүл, зовлон, ялалт, мөн амьдралын үнэ цэнийн эрэл. Тэгэх
мөртөө Монголын гэсэн өвөрмөц хэв маягтай, шинэ
үеийнхний догдлом сэтгэлээр дүүрэн. Алс холын
хөдөөгөөс, Улаанбаатарын утаат гэр хороолол, хачин сонин харь орон хүртэл. Эрэгтэй, эмэгтэй. Хөгшин,
залуу. Гей, гетеро. Тэдний дуу хоолой мөрөөснө, харуусна. Би энэ үеийн түүхийг сонсож байна. Би
тэдний хүүрнэлийг мэдэрч байна.
Өдгөө бид бичгийн монгол хэл үүссэнээс хойш
ес дэх зуунд амьдарч байна. Мэдээж есийн тоо бол
монгол соёлд хамгийн их бэлгэдэлтэй тоо. Энэ зуун Монгол Улсын хувьд хамгийн агуу зуун болж магадгүй. Учир нь би энэ улсыг энэ зуунд манлайлан
авч явах хүмүүсийн амьдралыг эдгээр илгээмжээр
дамжуулан харж авлаа. Би Монгол Улсын ирээдүйн дуу хоолойг сонсож авлаа.
Мөнх хөх тэнгэрийн алтан шаргал нар Чингис
Хааны улс, үр хойч, хэл соёлыг үүрд мөнх хамгаалж явах болтугай.
Жэк Уэдэрфорд “Чингис хаан: Өнөөгийн ертөнцийг
үндэслэгч эзэн” номын зохиолч
Хишигнямын Буянбат
АГУУ НАЯА ЖИНАНПАГИЙН
ДАЙЧИН ЗАМНАЛЫН ЭХЛЭЛ
Богино өгүүллэг
Эх хувилбар
Дүү минь хэдийнээ мэдчихсэн байсан юм билээ.
Үүнийг нь би яахан мэдэх. Тиймдээ ч хаах товчлуурыг
дарахгүй ус халиан асгаруулахад нь уурлан загнадаг
байв.
Ноднин намар манай гудамжны 76-р худаг
автомат болж, карт уншуулан 24 цагийн турш ус
авдаг болсны дараахан худгийн өмнө бетон цагариг
булж, дээр нь төмөр сараалж тавьж бэхэлсэн нь
урин цагт асгарсан ус газрын хөрсөнд шууд шингэж, шавхай тарихаас, өвөлдөө мөсөн гулгуурын талбай
үүсч, хамаг амьтныг халтиргахаас сэргийлсэн хэрэг
байв. Тийнхүү алга дарам цөөрөм бий болжээ.
Хаврын нэг орой тэр доороос мэлхий вааглах
сонсогдлоо. Гэрэл тусган харвал гэрэлтсэн шаргал
өнгөтэй алгын чинээ мэлхий ундааны саван дээр амгалан тайван тухалж байх нь тэр. Дүү минь огт гайхсан шинжгүйгээр “Наяа Жинанпа гэдэг юм”
хэмээв. Түгээгч эгч яаж ийшээ мэлхий орсныг бодоод бодоод олохгүй байгаагаа ирсэн хүн бүрд ам хуурайгүй
мөлхөцгөөнө. Хавийн жаалууд харин мэлхийг
хэдийнээ мэдэх болсноо, гэрээсээ ялаа, аалз
цуглуулан хооллодогоо, мэлхийний эзэн нь манай
дүү гэдгийг хэлж, худгаас хэдхэн алхмын цаана байх
цэнхэр хаалгатай хашааг маань заана.
Дүүгээсээ асууна, Наяа Жинанпа хаанаас гарч
ирснийг. Дүү минь хариулна. Шанаган хорхой
байхдаа л тэндээ байсан, гэж.
***
Түүн рүү зурвас илгээв. Харсан ч, хариу үгүй хэвээр.
“Хагас сайн өдрийн өглөө БльюМоны Том Н Томст”.
Мөнгө олохоор нэг бодлогыг хоёр аяга кофены үнээр бодохоор тохиров.
Эрүүгийн эрх зүйн бодлого, дугаар 1: С эхнэр Э-ийн хамт айлын хуримд мотоциклоор (шинэ эриний хүлэг) оччихоод, орой нь эхнэрээ сундлан
нэлээд халамцуухан харьж явжээ... Урдаа явсан суудлын автомашиныг гүйцэж түрүүлэх явцдаа шүргэсний улмаас онхолдож эхнэр Э тэр шөнөдөө нас барсан. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл, гэм буруутай. Бүгдэд гэм буруутай С....
Харих замдаа ээжийн захиснаар ургамлын тос авна, 250 граммыг. Нандигнан тэврэх тунгалаг уутнаа алтанхан шингэн холбилзон, яг л өнөөх
мэлхий шиг гэрэлтэнэ.
Дүү минь хуяг зурж сууна. Нууц бүлгэмийн
дайчид галлахад нэг нь ч арьсанд нь тусахааргүй
хамгаалах хуяг гэнэ.
– Шар өнгөтэй ямар өнгө илүү зохицох бол?